Дэлхийд алдартай аяллын сэтгүүл Conde Nast Traveler-ийн 158 мянга гаруй уншигчийнхаа саналаар тодруулсан”Аялагчдын хамгийн их очихыг хүсдэг 20 орон”-ы жагсаалтын 2-р хэсгийг та бүхэнд хүргэж байна.

10. ЭНЭТХЭГ

Миний жагсаалтын хамгийн эхэнд бичигдээд буй газар. Олон олон суутнууд, алдартнуудын оюун санааны эрэл хайгуул хийж аялсан гэх энэ газар нэг л өвөрмөц, нэг л нууцлаг. Түмэн хүн холхисон Дели, үнэнч хайрын бэлэг тэмдэг Таж Махал, Гоагийн үзэсгэлэнт далайн эрэг,Энэтхэгийн Швейцарь гэгдэх Кашмирын уулархаг бүсүүд гээд үзэж харах зүйл дэндүү их, дуусашгүй гэмээр энэ улс руу аялах бол цаг хангалттай гаргахаа битгий мартаарай.

“…Энэтхэг ч дэлхий л дээ. Муж нутгаараа ч бас их онцлогтой, баруун хойшоо Жаму & Кашмир, зүүн хойшоо “Эгч дүү 7″ гээд өвөрмөц онцлогтой тусгай бүсүүд бий. Ажлаар очлоо ч хамгийн товч замаар “Алтан гурвалжин” буюу Дели, Агра, Жайпур дахь Их Моголынхоо түүх, соёлын дурсгалуудаас заавал үзээрэй. Барагдашгүй их дурсгал бий шүү. Бяцхан зөвлөгөө: Халуун бас халдвар ихтэй газар болохоор аль болох нутгийн хоолыг, халуун ногоотой нь идэж байгаарай. Нүдээ нухаж болохгүй, байнга нойтон салфетка юм уу, гар ариутгагч хэрэглэж байхгүй бол аюултай шүү…” @Sanchir Tasam

9. ТУРК

Ази, Европыг дамнан оршиж, аль алиных нь өв соёлыг агуулсан Турк улс түүхийн дурсгалт зүйлс, байгалийн өвөрмөц тогтцоороо нэн баян. Цай уух соёл, талх-нарийн боов идэх уламжлал (бас мэдээж кебаб), хөлбөмбөг үзэх донгийнх нь талаар бичээд бичээд баршгүй. Гэхдээ зөвхөн Истанбулын эрчтэй уур амьсгал, дэндүү найрсаг хүмүүст татагдаж, тэндээ уягдаад байж болохгүй. Анкара, Измир, Анталья гээд өөр өөрийн онцлогтой өөр хотууд руу аялах хэрэгтэй.

“…Эртний түүхийн гэрч Истанбул гайхалтай хот. Ази, Европ тивийн дундуур урсан өнгөрөх “Босфорын хоолой”-гоор усан онгоцоор аялаарай. Түүх дурсгалаар гоёсон Истанбул хотын түүхэн бүтээлүүд нь голчлон Халич – Мармарын тэнгис – Сур (эртний цайз хэрэм)-ын гол хэсэгт төвлөрсөн байдаг. Энэ хэсэгт Султанахметийн сүм, Гэгээн Софийн (Аяасофяа) музей, Топкапы ордон, Базиликийн усан сан, Румэли, Анатолийн цайзууд гэх мэт өөр маш олон агуу бүтээл бүгд багтдаг. Истанбул хотын түүхэн дүүргүүд нь хүн төрөлхтөний үнэт эрдэнэ болсон ЮНЕСКО-гийн жагсаалтанд бүртгэгдэж, дэлхийн өв болсон…” @Una GTB

8. ТАЙЛАНД

Тайланд бол танд амралтаа жинхэнэ утгаар нь өнгөрүүлж, заавал эргэж очно доо гэсэн сэтгэгдэл төрүүлэх газар. Гайхашрал төрүүлэм хямд үнэ, үзээд үзээд барагдахгүй дурсгалт газрууд. Хаана нь ч хамаагүй төөрчихмөөр, төөрч яваад ямар нэгэн онцгой зүйл олоод үзчихмээр. Хэрвээ та Тайландад очсон бол Tom Yum шөлийг нь ууж, “түк түк” унаанд нь суухаа битгий мартаарай. Миний хувьд санал болгох №1 аяллын маршрут.

” …Тайландад бол солиотой юм байна дөө. Манайхан явахаар болбол визгүй. Юмны үнэ тийм ч хямд биш санагдлаа…” @Tuvshinjargal Tur-Amgalan

7. ШИНЭ ЗЕЛАНД

Адал явдал эрэлхийлэгчдэд хамгийн тохирох газар. Хүний хөл бараг гишгээгүй шахуу тал, уул толгодоор аялах зуураа дэлхийд алдартай үндэсний парк, халуун рашаануудаар нь зочлоорой. Өө тийм, хэрвээ та киноны хорхойтон бол “Бөгжний эзэн” цувралын зураг авалтыг хийсэн газруудаар ч аялж болно. Тэдэнд бас өөрсдийгөө дэлхийн хамгийн шилдэг бургер хэмээн цоллосон Fergburger ч бий.

“…Хэрэв аялах гэж байгаа бол машин хөлслөөд явбал их гоё. Хот хоорондын онгоц байдаг ч ганц гол үзэх юм нь хөдөө учир машин нь илүү тохиромжтой. Хойд арлаас илүү өмнөд арал нь жуулчид их очдог, гол үзэх ёстой алдартай газрууд бий. За ганц захих юм гэвэл, нарны тос нүүрэндээ сайн түрхээрэй…” @Sara Ntuya

6. АВСТРАЛИ

Дэлхийн хамгийн амьдрахад тохиромжтой хотоор Австралийн Мельбурн хот шалгарсан нь тохиолдлын хэрэг биш. Мельбурнээс гадна Перт, Сиднэй гээд жуулчдын очих дуртай алдартай хотууд байгааг ч мартаж болохгүй. Кенгуру арал руу аялж, имжтэй уралдаж, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд коала баавгай хооллож, зургаа авахуулах боломж, нүсэр том уул толгод, эцэс төгсгөлгүй үргэлжлэх элсэн цөл гээд зөвхөн энэ аралд л мэдрэх боломжтой онцгой эко орчин энд бий.

“…Перт хот Австрали тивийн баруун захад нь далайн эрэгт оршдог. Энд нар жаргах үедээ үнэхээр үзэсгэлэнтэй , Австралийн бусад хотуудаас нар жаргахыг харахаар хүмүүс очдог гэсэн. Харин аварга загаснаас болоод далайд орохдоо болгоомжтой байхыг захиж байсан. Биологийн хувьд ч бас их өвөрмөц. Өөр хаана ч байхгүй амьтад зөвхөн тэнд л байдаг. Бас маш их таалагддаг нэг зүйл бол бүх хүмүүс нь амьдралдаа сэтгэл хангалуун, тайван амгалан, ядаж л машинууд нь сигналаа орилуулаад байдаггүй…” @Sumiya Byambasuren

5. ГРЕК

Олимпийн өлгий нутаг Грек дэлхийн түүх, соёл иргэншлийн өлгий нутаг гэдэг утгаараа үзэж харах юм дэндүү их. Мянга мянган жилийн түүхтэй сүм, музей, архелеогийн дурсгалт газруудаас эхлээд далайн эрэг, түүний ойролцоох ресторан, дэлгүүрүүд бүхий аялал жуулчлалын салбар нь хямралтай байгаа тус улсын гол найдвар болж хоцроод байна.

“…Очиж үзэх хэрэгтэй газар байна. Манай эриний өмнөх тодотголтой байгууламжууд, бага байхад үздэг байсан кино, хүүхэлдэйн киногоо сая л жинхэнээсээ мэдэрч ойлгох шиг боллоо. Дахин үзэх хүсэл төрлөө. 5 сараас эхлээд их халдаг юм байна лээ, тос, шил, малгай аваад яваарай. Үзэх бүх юм нь нэг дороо, 2 өдөрт хангалттай санагдсан. Анхааруулахад ихэнх архелеогийн үзмэрүүд нь өдрийн 15 цагаас хаачихдаг юм байна шүү…” @Ulziisaikhan Olonbayar

4. АНУ

Холливудын кино, тоглодог тоглоом, сонсдог хөгжмөөр дамжуулаад бидний амьдралд хаалга тогшилгүй орж ирэн, дотны нөхөр шиг минь болчихсон америк соёл, америк орчинд мэдрэх ёстой, үзэх ёстой зүйл бишгүй бий. Америк гэдэг зөвхөн эрх чөлөөний хөшөө, бургер бас өндөр өндөр том барилга биш. Хөдөө нутгаар нь аялж, байгалийн сайхантай нь танилцан, жинхэнэ Америкийг мэдрээрэй.

“…АНУ нь өөрийн National Park Service-ийн харьяанд байх 59 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй, эдгээр нь 50 мужийнх нь 27-д байрладаг. Эдгээр цогцолборууд нь байгалийн гайхамшиг, геологийн өвөрмөц тогтоц, ер бусын экологийн систем, амарч аялах боломж зэргээрээ бүгд өөр өөрийн онцлогтой…” @Bayarjargal Lasran

3. ИСПАНИ

Сэтгэл түгшээм бухын тулаан, сэтгэл догдлуулам эрчтэй бүжиг, сэтгэл ханамгүй амттай хоол. Испани улс бол жинхэнэ амралт, зугаа цэнгэлийн эх орон. Хүмүүс нь хүртэл шөнө унталгүй дуулж найрлах эрчтэй, цоглог бас найрсаг. 4-р сард Испани руу зочлон хоолны фестивал, Эль Классикогүзээрэй.

“…Яг л үлгэрийн гандирс адил үлэмж төгөлдөр санагдсан Барселонад байх алдарт Гаудигийн сүмийнгаднах чимэглэл л гэхэд цэцэг навч, жимс жимсгэнэ агаад сүмийн орой дээрх загалмай хүртэл шулуун биш усны урсгал шиг бидэртэн долгиотсон байдаг. Сүмийн гаднах чимэглэлийн хүмүүс, Исүс, Мария нарыг ч гэсэн товойлгон дүрсэлж гаргахдаа яг дууриалгасан хөшөөний стилээр биш харин уран сэтгэмж оруулж модерн стилээр урласан байх агаад тэдний нүүрэн дээр сэтгэл хөдлөлийг яруу тодоор гаргаж өгсөн нь үнэн гайхамшигтай…Зуу гаруй жилийн турш баригдаж байгаа ч одоо хүртэл дуусаагүй, тооцоолж байгаагаар 2026 онд дуусах төлөвтэй энэ сүмийг л үзэх гэж Барселонад жил бүр 3 сая жуулчин ирдэг гэнэ…” @Bolortuya Dorj

2. ФРАНЦ

Дэлхийн хамгийн романтик улсад тавтай морил! Парис хэдий бохир, заваан, бужигнасан их хүнтэй байж болох ч Луврын музейд зочлон агуу урлагийн бүтээлүүдийг нүдээр харах, Эйфелийн цамхаг дээрээс их хотыг тольдох мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Жижиг хотуудаар нь зочлон дэлхийд алдартай тогоочдын гарын хоолыг амтлан, төрөл бүрийн амтат дарс шимэн суух шиг жаргал үгүй гэгддэг.

“…Парист өглөө эрт 6 цагийн үед босоод төвийн жижигхэн кафед суун нар зөөлөн ургахыг харангаа нүсэр том хотын намуухан байгааг ажаад үзээрэй. Мэдээж үүнийг Coffee & Croissant-гүйгээр төсөөлөх аргагүй. Хамгийн сайхан хот. Гэхдээ тэнд олон хонох хэрэггүй, цаашаа Rouen, Le Havre ороод, Mont Saint Michel-ээр зочлоход яг таарна…” @Boloroo Bogi

1. ИТАЛИ

Паста, пиццаг бидэнд бэлэглэсэн Итали орон энэ жагсаалтыг 5 дахь жилдээ дараалан тэргүүлжээ. Европын сэргэн мандалт, соёлын түүчээ нь байсан энэ оронд үзэх ёстой музей, сүм, дурсгалт газрууд дэндүү их. Цаг хугацаагаар аялаж буй мэт сэтгэгдэл төрүүлж чадах том хотуудаас гадна яг л өөр гараг дээр ирчихсэн мэт санагдуулах үзэсгэлэнт байгаль нь энэ улсыг чимэг.

“…Итали улсад зуны улиралд очих боломж гарвал Cinque Terre-д заавал очоорой. Тэнд очвол та бүхэн байгалийн сайхныг мэдэрч, тэнгисийн эрэг дээрх шарлагын газар өнжиж, Мама Миа пицца, хавч, сам хорхой зэрэг далайн хоол, итали виног хямдаар идэж уун, манайхаар бол натурал хөдөө амарч сайхан мэдрэмж авах болно. Бидний ажигласнаар тус эргийн хотыг гадны жуулчид төдийгүй европын иргэд ч тэр бүр мэдээд байдаггүй юм билээ. Зөвхөн урьд нь очиж байсан болон экспертүүд л мэддэг гэж байгаа…” @Batbold De

Та эдгээрээс аль аль оронд нь очиж үзсэн бэ? Бидэнтэй аяллын түүх, туршлагаасаа хуваалцаарай. Мөн ямар орнууд энэ жагсаалтанд орвол зохих байсан тухай саналаа солилцоорой.

Эх сурвалж: www.unread.today